За ойрдоо болсон зүйлс, толгойд минь эргэлдэж байгаа бүх хэрэгтэй хэрэггүй бодлуудаа бүгдийг нь энд асгахаар орж ирлээ.
Дандаа сөрөг зүйлс бичих гээд байгаа ч одоо яахав... энд дандаа гунигтай бодлуудаа л бичээд байх юм даа гэж бодсон ч үнэндээ өөр хуваалцах, гаргах хүн байхгүй болохоор магадгүй энд бичихэд илүү тухтай байдаг байх.
Хэдэн өдрийн өмнө надад нэг хүн "сайн амьдарч чадсангүй дээ" гэж хэлж байсан. Гэтэл яг тэр үг надад өөрт минь орж ирлээ. Би яг одоо бол амьдралын маань хамгийн хогийн бөгөөд өөртөө хамгийн их дургүй хүрч байгаа үе минь. Өөдрөгөөр бодох гэсэн ч тэр дэндүү худлаа санагдаж байна. Бодит байдал минь үнэхээр хогийн байна. Би юун дээр алдав ? Ээжийн хэлдэг урсгалаараа амьдарч байна гэдэг үг үнэн бололтой. Өдийг хүртэл зүгээр л тухтай амьдраад байсан минь буруу байсныг одоо харж байна. Би үнэндээ тухтай бүсдээ л амьдарсан юм байна. Үүнийгээ өөрийгөө сэтгэл хангалуун байдалд сурч байна гэж бодож. Гэхдээ үнэндээ зүгээр л хөгжихийг, дайчлахыг, илүү зүйл зорихыг хүсэхгүй байрандаа гацах, залхуурах л байж.
Одоо үнэндээ надад өөрийн гэх юм алга. Хүнийг юмтай юмгүйгээр нь дүгнэдэг нийгмийн хандлагад дургүй ч би ядаж л бусдад төвөггүй өөрийгөө аваад явах ёстой. Гэтэл би бусдад төвөгтэй болж эхэлж байна. Одоо бараг би бүх зүйлээ 0ээс эхлэх хэрэгтэй болж байна.
Одоо бодоход ихэнх хүн надад дургүй юм шиг байна.
Би нэг тийм циклээсээ гармаар байна. Юу намайг ингэж байрнаас минь хөдөлгөхгүй байна ? Муу зуршил уу? Сэтгэл гутрал уу? Бардам зан уу?
Мууртайгаа одоо байгаа газраа хол бас илүү мөнгө төлөөд амьдрах уу? Эсвэл муураа хүнд өгөөд арай хямд, ажилд ойр, тааваараа байх боломжгүй тийм газар руу нүүх үү? Одоогийн санхүүгээ харвал 2 дахь сонголт нь дээр юм шиг.
Жилийн өмнө би нэг залууг ямар ухаангүйд гайхаж байлаа. Гэтэл өнөөдөр өөрөө тийм байдалд орж байна.
За нэгэнт байдал ийм болсных одоо гутраад яахав, одоо яах вэ гэдгээ л бодох хэрэгтэй байна. Нэг талаас энэ нь сайн зүйл ч юм билүү? Магадгүй би өөрийгөө илүү сайн мэддэг болж байгаа ч юм билүү?
Би өөрийгөө Христич гэж хэлэхээсээ ичдэг болж байна. Христээс ичээгүй, харин өөрөөсөө. Би ийм байж Христэч гэж ярих нь Христитгэлийг муугаар харуулахвий гэж...
Надад олон гоё мөрөөдлүүд байна, замхарч алга болохоос нь өмнө асаах юмсан.
Ярилцах хүнгүй гэдэг ч бас худлаа л даа. Би зүгээр л тэдэнд өөрийн ийм байдлаа харуулахыг хүсээгүй байх. Үнэндээ би тэдэнтэй ярилцахыг маш их хүссэн юм. Яриа өдөх гэж хичээсэн ч нэг тийм үргэлжлэх шинжгүй байсан учраас л больсон хэрэг.
Ажлаас олон цагийн чөлөө авдагаа хэзээ өөрчлөх вэ, хичээсэн ч дахиад л уначихлаа.
Тэрний төрсөн өдөр саяхан болсон. Би мэнд хүргэсэн. Би түүнд сайн бол биш. Гэхдээ ярилцахад үнэхээр тухтай хүн. Би хэтэрхий зууралдсан юм болов уу , тэр миний алдаа байсан байх. Ичмээр ч гэлээ битгий бичээрэй гэдэг үг бас л зүрх зүссэн шүү.
Би олон зүйл дээр хариуцлагагүй байгаа. Энэ минь эргээд намайг байнга шаналгаж байна. Магтан дууны бэлтгэлд байнга хоцрох, ажилдаа хоцрох, ажлаа цагт нь хийхгүй байх, өр төлбөрөө төлөхгүй байх... яг л адгийн шаар юм шиг л санагдаж байна.
Би энэ байдлаасаа гарах болов уу, өөрчлөгдөх болов уу, нэг ч гэсэн хүн чи чадна аа, чи бүр өнгөрчихөөгүй шүү гээд тэврээсэй. Би хохирогч дүрд дургүй, тийм хүмүүсийг өрөвддөггүй. Гэхдээ би яг л хохирогч шиг аашлаад байна. Уг нь би өөрийгөө хохироосон хүн шүү дээ. Хэндээ гомдохов. Би яг юу хүссэн юм бэ?
Хайрлагдах уу? Үнэлэгдэх үү? Хүндлэгдэх үү?
Хүмүүс ямар хатуу, хүйтэн юм бэ...
