Хөжмийн утга илэрхийллийн үндсэн хэрэглүүрүүд
" Хэрвээ та урлагийн сайханд умбан цэнгэхийг хүсвээс түүний тухай мэдлэгтэй байх хэрэгтэй" гэж К. Маркс нь хэлсэн байх нь ээ. 𝄞
Хөгжим сонирхдог хүмүүст зориулаад хөгжмийн анхан шатны онолын талаар ойлгосон жоохон зүйлээ хуваалцая аа. Мэргэжлийн хүн биш болохоор бүр сайн тайлбарлаагүй байж магадгүй шүү. 🎼
Хөгжим нь аялгуу, гармони, хэмнэл, цомнол, хүчлэг, хурд зэрэг үндсэн хэрэглүүрийн тусламжтайгаар утга санааг илэрхийлдэг байна.
А. Аялгуу
Утга санааг дан хоолойгоор иэлэрхийлснийг аялгуу гэх ба тэрээр хөгжмийн утга илэрхийллийн гол хэрэглүүр юм. Аялгуу бол аливаа хөгжмийн үндсэн цөм бөгөөд зөвхөн аялгуугаараа хөгжимм хүний сэтгэлд хоногшин үлддэг.
Б. Гармони
Хөгжмийн утга санааг хоорондоо уялдаа холбоо, авцалдаа бүхий олон хоолойгоор илэрхийлснийг гармони гэнэ. Тэрээр аялгуутай амин холбоотой бөгөөд өнгө аяс нь аялгуунаас шууд хамаардаг. Гармони нь аялгуунд шингэсэн санааг тодруулах бүрэн илэрхийлэхэд туслах үүрэг гүйцэтгэдэг байна.
В. Хөгжмийн хэмнэл
Хэлзүйд урт богино эгшиг гэж байдаг шиг хөгжимд утгажсан эгшгийн урт богинын дарааллын харьцаа бий. Үүнийг хөгжмийн хэмнэл гэнэ.
Г. Цомнол
Аялгуу бүтээгч эгшгүүд хоорондоо учир зүйн дарааллын нарийн харьцаанд оршдог. Ямар ч аялгууг сонсоход зарим эгшиг нь бат тогтвортой , утг санаа төгссөнийг илэрхийлж байхад зарим нь тогтвор муутай өөрөөсөө илүү тогтвортой эгшигт тэмүүлэх мэт сонстдог. Аялгууны эгшгүүд ийнхүү тогтворынхоо байдлаар ялгарч уялдаа холбооны нарийн зохион байгуулалд орсныг цомнол гэж нэрлэнэ.
Хөгжимд их эгшиглэгээ буюу мажор бага эгшиглэгээ буюу минор гэсэн 2 үндсэн цомнол байдаг.
Мажор нь эрэлхэг дайчин, Минор нь уян зөөлөн дуурьсалтай.
Д. Хүчлэг
Аялгуу түүний хэсгүүдийг чанга дуулах уу, зөөлөн дуулах уу гэдэг нь дурын хэрэг биш , агуулга түүний өрнөл хөгжлийн байдалтай шууд холбоотой юм.
Хүмүүсийн яриаг ч гэсэн сонсоход дуу нэг үе чангарч, нэг үе зөөлөрч ярианы утга агуулга, ярьж байгаа хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Хөгжимд ч мөн адил ийм байдаг. Үүнийг хүчлэг гэж нэрлэнэ. Аялгууны хэсгүүд агуулгатайгаа нягт уялдан чанга , зөөлний нарийн харьцаанд оршдог.
Е. Хурд
Хөгжмийн бүтээлийн хөдөлгөөнийг хурд-темп гэж нэрлэнэ. Энэ нь хөгжмийн уран сайхныг илэрхийлэх , улмаар агуулгыг тодруулах чухал хэрэглүүр юм. Хурдыг буруу тогтоосноос хөгжмийн агуулга гажуудах сонсогчдын сэтгэлд буухгүй байх тохиолдол цөөнгүй байдаг.
Жишээ нь гашуудлын аяыг түргэн хөгжимдвөл түүний гуниг харууслын аяс алдагдаж огт өөр сэтгэгдэл төрүүлнэ.
Ё. Хөгжмийн эгшиг
Урлагийн төрөл бүр утга санаа илэрхийлэх өөрийн хэрэгсэлтэй байдаг. Уран зохиолд үг хэллэг, уран зурагт өнгө будаг , театрт үг үйлдэл үндсэн хэрэгсэл нь болдог бол хөгжимд эгшиг билээ.
Хөгжмийн эгшиг нь хүний сонорт өртөгдөн, дуурайн дуугарч болох тов тодорхой өндөртэй, чанга зөөлөн болоод урт богинын ялгамжтай өвөрмөц эгшиглэнтэй - тембр байдаг.
Хүний хоолой , хөгжмийн зэмсэг бүр тус тусын өвөрмөц эгшиглэнтэй.
Чухам тэр ялгаагаар нь бид хүүхдийн дуулахыг том хүнийхээс, цээл - тенор хоолойг баргил- баритон хоолойноос , хийлийг хуучраас, төгөлдөр хуурыг ятгаас, бишгүүрийг кларнетаас салгаж таньдаг билээ. Хөгжмийн эгшиг нь уран сайхныг илэрхийлэх олон талын үүрэгтэй ба тэдгээрийг хөгжмийн онол судална.
за хэр ойлгомжтой байна ? ингээд цааш нь бага багаар оруулна аа.
