Амьдралдаа шинэ содон зүйл хийж, туршиж үзэж залуу насаа сонирхолтой адал явдалтай болгох үүднээс долоо хоног бүр өөр өөр зүйл хийж үзэхээр шийдсэн юм. Энэ удаад миний амьдралд нэн тэргүүнд шаардлагатай зүйл болох "Хүмүүсээс уучлал гуйх"-ыг хэрэгжүүлэе гэж бодсон юм. Яагаад нэн тэргүүнд гэхээр хүмүүстэй харилцах харилцаа тааруу, хайртай дотны хүмүүсээ гомдоож, шархлуулчихаад нэг их сайн хүн болж гоё гоё юм яриад яваад байвал худлаа хоёр нүүртэй санагдах, мөн зүрх сэтгэл бас гунигтай хэцүү байдаг учраас энэ зүйлийг засч өөрчлөе гэж бодсон юм.
Тэгэхээр тодорхой хуваарь гаргахаар шийдсэн.
Даваа гарагт: Найзууддаа чатаар
Мягмар гарагт: Ажлынхандаа мэйлээр
Лхагва гарагт: Байрныхандаа захидлаар
Пүрэв гарагт : Гэр бүлийнхэндээ утсаар
Баасан, Бямба, Ням гарагт: Цуглааныхандаа уулзаж хэлэх.
Уулчлал гуйхаасаа өмнө:
Мэдээж чин сэтгээлээсээ байхын тулд эхлээд тэр хүнд хэлж байсан муухай үг, үйлдэл урмыг нь хугалсан, шархлуулсан алдаануудаа өөрөө чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгж байж л сэтгэлээсээ уучлал гуйна шүү дээ. Ямар ч хүн гаднаа хүлээн зөвшөөрч чадахгүй ч дотроо бол би буруу, зүйл ярьж байна даа, энэ хүнийг арай гомдоочихов уу гэдгээ мэддэг.
Харин дараа нь цаашдаа дараа нь тэр алдаагаа хэрхэн засах, яаж дахин гаргахгүй байх талаар зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол уучлал гуйчихаад яг байдгаараа байвал энэ нь ямар ч үр дүнгүй.
Уучлал гуйсны дараа:
Та хэн нэгнээс уучлал гуйвал ямар нэг хариу хүлээх хэрэггүй. Таны догдолж догдолж бичсэн захианы хариуд ямар ч хариу авч болно гэдгийг урьдчилж тооцоолох хэрэгтэй. Ихэнх нь үнэхээр сэтгэлээсээ хүлээж авч баярлах боловч зарим нь таныг сүртэй юм, яачихаад байгаа юм гэж ч бодож болно, эсвэл бялдуучиллаа гэж бодож болно, эсвэл бүр нэг их тоохгүй ч байж болно. Гэсэн хэдий ч та эмзэглэх хэрэггүй. Тэр хүн тэр үедээ таныг уучилж арай чадахгүй, хүлээж авахгүй байж ч болно. Цаг хугацаа орох ч байж мэднэ. Ямартаа ч их бага хэмжээгээр дотроо хүлээж авах л болно. Ямар ч байсан таны дотор харанхуйлаад байсан, өөрийгөө буруутгаад байсан тэр мэдрэмж баяр хөөрөөр солигдоно.
Уучлал гуйна гэхээр хэн нэгний дор орж байгаа ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ ямар ч харилцаанд уучлал гуйсан хүн нь илүү баяр хөөртэй байдаг. Та ч энэ алхмыг хэрэгжүүлж үзээрэй. Цаашдаа ч бас үл ойлголцол, санаатай санамсаргүй зөрчилдөөнүүд гарах байх. Тэр бүрт асуудлыг хүндрүүлэхгүйгээр дор дор нь буулт хийгээд уучлал гуйгаад явах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.
Эцсийн эцэст хүн бидний хоорондын харилцаа маш чухал. Хичнээн амжилттай, өөрийн зорьсондоо хүрч амжилттай явсан ч бусадтай харилцаа муу, халуун дотно харилцах хүнгүй байвал үнэхээр уйтгартай гунигтай шүү дээ.
Миний хамгийн ойр дотно амьдарч байгаа хүмүүс бол манай байрныхан.
Хүн хамгийн дотно хүмүүсээ илүү их гомдоодог юм шиг. Тиймээс тэдэнд хэлэх зүйл их байсан учраас захидал бичихээр шийдсэн. Нийт 19 захидал 3 цаг гаран бичсэн. Сэтгэл хөдөлсөн шүү.
Өглөө гарахдаа аваг гээд үүдний хаалганд ингээд наагаад орхичихсон. Захидал болгон дээр нэрийг нь бичээд . Өглөө хамгийн түрүүнд хэн гарах бол , харах болов уу, Скоч нь сайн наалдсан байгаа, уначихвий , сонин санагдах болов уу гээд л бас санаа зовж зовж унтсан шүү.
Аан бас нэг чухал зүйл бол хүн бусдаас уучлал гуйхаас гадна өөрөөсөө бас уучлал гуйж өөрийгөө уучлах их чухал санагдсан. Тийм учраас долоо хоногийн сүүл гэхэд өөртөө сайхан захидал бичнэ гэж бодож байгаа. ккк
Аан бас нэг чухал зүйл бол хүн бусдаас уучлал гуйхаас гадна өөрөөсөө бас уучлал гуйж өөрийгөө уучлах их чухал санагдсан. Тийм учраас долоо хоногийн сүүл гэхэд өөртөө сайхан захидал бичнэ гэж бодож байгаа. ккк


